Монголын бурханы шашны товч түүх
Монгол оронд Бурханы шашин 2000 жилийн өмнөөс дэлгэрэн хөгжиж ирсэн түүхтэй. Нэн эртний үед Энэтхэгээс бандида нар ном номлон бурханы сургаалийг дэлгэрүүлж байсан. Монголын нэрт эрдэмтэн, Судар бичгийн хүрээлэнгийн анхны гишүүн Зава Дамдин гавж "Монголчууд Хүннү гүрний үеэс эхлэн бурханы шашинтай болсон" хэмээн шашны түүхийн зохиолдоо бичиж тэмдэглэсэн байдаг. Сяньби улсын үед ч бурханы шашинтай байсан ба сүм хийдтэй байв. Сяньби улсын дараа түүхийн тавцнаа алдаршсан өвөг монгол угсаатан нь Тоба Вэй улс юм. Тоба Вэй улсад буддын шашин нь төрийн шашин болсон байжээ. Тоба Гүй хаан өөрийн улсад Бурханы шашныг дэлгэрүүлэн суврага босгуулах зарлиг буулгаж байжээ.Тэрээр буддын шашны захиргаа байгуулж тэргүүнээр нь их алдартай нэгэн ламыг томилсон байна. Тоба Вэй улсын бурханы шашинд Согд, Тохар, Хотан, нийт Күшаны буюу Энэтхэгийн буддын шашны нөлөө аажмаар өсөн нэмэгдэж байжээ.
Тоба Хуан хааны үед Энэтхэгээс нэгэн том лам Пинчэн хотод хүрэлцэн ирж, түүнд бараалхаж тусгайлан уулзаж байжээ. "Сюаньди хааны /499-515/ үед Согд зэрэг Баруун хязгаарын орнуудаас бурханы ном залахаар Тоба Вэй улсаас хоёр ч лам замд гарсан байв." хэмээн тэмдэглэснээс үзэхэд Монголчууд бурханы шашныг гүн гүнзгий судлаж байсныг бататгаж байна. Тоба Вэй улсын үед сийлбэрлэн бүтээсэн, цутгасан, зурсан буддын шашны бурхадын зураг хөргийн зарим нь хятад маягтай боловч дийлэнх ихэнх нь Энэтхэг, Күшан, Хотан, Тохар, Согд зүгийн орнуудад өргөн дэлгэрсэн эртний Энэтхэг-Грек-Эллиний загвар хийцтэй ажээ. Тэдгээрийн олонхи нь Энэтхэг ба Эллиний нөлөөний хүрээний орнуудаас Афганистан, Пакистаны дэвсгэр нутаг дээр учран золгож , ижилсэн зонхилсон Гандхарын загвар хийцээр үйлдэгдсэн байдаг байна. Тоба Вэй улсын үед үйлдсэн Майдар бурханы шармал хүрэл хөрөг Гандхарын хийцтэй тун төстэй болсон байдаг байна. Алдарт Дүньхуань уулын олон тооны том жижиг бурхад ч Тоба Вэй улсын үед хамаардаг.
Жужан улсын (IV-V зуун) үед ч Бурханы шашинтай байжээ. Сурвалжийн мэдээгээр, Жужаны хаан буддын шашны судар, их бага ухааныг тайлж эзэмшсэн Дармаприяаг төрийн багшаар өргөмжлөн, 3000 өрх соёрхон олгожээ. Жужан нарын дунд бурханы шашин дэлгэрч байсан болохоор өрнө, дорно зүг зорчих эрдэмтэн лам нар Жужаны нутгаар дайран өнгөрдөг, ном судар түгээдэг байжээ. Тухайлбал, 475 онд Өмнөд Ци улсын лам Фа Сянь /424-498/ Жужаны нутгийг дамжин Хотон хүрээд буцахдаа, өөрийн аялсан баруун зүгийн Уми орноос тэрбээр Бурхан багшийн нэг шүд, шарилын зүйл, ном судар, алтаар давтан хийсэн бурханы хөрөг зэргийг олж авчээ. 511 оны үед Жужаны хаан Хун сюнь хэмээгч ламыг Тоба улсад томилон илгээж, сувдаар хэлхэн бүтээсэн бурханы хөргийг өргөн барьжээ. Энэтхэгийн Удьяана улсын алдарт лам Нарондраяшас /489-589/ таван нөхдийн хамт Жужан улсад 550 оны орчим ирж байжээ.
Түрэгийн хаант улсын үед 572 онд Тобо хаан бурханы шашны сүм хийд бариулж, хятадаас шашны ном судар авчран хурал мөргөлийн ёслол үйлддэг байжээ. Гандхарын лам Жинагупта Хятадаас Энэтхэг орох замдаа Түрэг улсад очиход нь Тобо хаан ихэд хүндэтгэн хүлээн авчээ. Жинагупта лам Ци улсын 11 нөхөдтэй хамт Түрэг улсад хэсэг зуур байж судар орчуулж байжээ.
746 онд Монголын хаанаар сууж байсан Уйгар язгуурын Богучир Монгол оронд Ли орноос Согтаг хэмээгч Дээд Монгол эрдэмтэн багш нарыг залж Уйгар, Өөлд, Монголчуудад бурханы ном уншин судлах, өөрийн хэлэнд орчуулах, шүтээн босгож дуган сүм барих, эргэл мөргөл, тахилын ажил үйлдэж, сахил санваар хүртээлгэж шашныг үлэмжхэн дэлгэрүүлж байжээ. Өвөрхангай аймгийн Хархорин сумын нутагт орших Эрдэнэ зуу хийдийг Уйгар язгуурын хаан Богучир үүсгэн байгуулж, мөн түүний хатан Булган аймгийн Хутаг-өндөр сумын нутагт орших Бий-булагын зууг үүтгэн байгуулжээ. VIII зууны сүүл үед Хятадаас гарч Монголын тал нутгаар дайран Энэтхэг хүрч ном үзэхээр явсан Тансан ламын замын тэмдэглэлд ч бурханы шашны сүм хийд байгааг дурдан тэмдэглэсэн. Эл бүхнээс үзэхэд бидний өвөг дээдэс нэн эртний үед Хутагт Жагарын орны номын мэргэд, Согд, Уйгарын бандида нараас бурханы ном сонсон судлаж байсан байна. 2014 онд Булган аймгийн Баяннуур сумын нутгаас шинээр олдсон Уйгарын язгууртан ноёны булшнаас Бурхан багшийн шавар хөрөг дүр олдсон нь энэ үеийн түүхийг бататгаж байна. Кидан гүрний үед /IX-XI/ байгуулсан бурханы шашны сүм хийдийн дурсгалаас өнөөг хүртэл үлдсэн суврага Дорнод аймгийн Цагаан-овоо сумын нутагт байна.
XIII зууны үеэс эхлэн Монголын хаад Цаст Төвдийн мэргэдийг залан Хааны багш, Улсын багш хэмээх албанд тохоон томилж ард олныг бурханы зарлиг сургаалиар тэтгэн боловсруулж байв. Эзэн Богд Чингис хааны үед шашин сүм хийдээс татвар авахыг зогсоосон зарлиг шийдвэр гаргаж, хоёрдугаар хүү Өгөөдэй хаан Эрдэнэ зуу хийдийн туурин дээр Бурханы шашны сүм хийд байгуулж, Гүюг, Годун, Мөнх, Хубилай тэргүүтэй хаадуудын үед өрнөн хөгжиж, Хайсан хүлэг, Буянт хааны үед Банзрагч судар, Цагаан лянхуа судар, Манзуширын алдарыг өгүүлэхүй, Бодисадвын явдалд орохуй зэрэг судрууд орчуулагдан хэвлэгдэж, алтан үсгээр Ганжуур судар бичүүлж байсан байна. Энэ мэт Чингис хаанаас Тогоонтөмөр хүртэл 15 хаад бүгд номын багштай байв. Ялангуяа Их Юан улсын үед Хубилай хаан зарлигаар байгуулагдсан сүм хийд, бурхан шүтээнийг тоолж баршгүй. Хубилай хааны хүү Чингимийн хүсэлтээр 1278 онд Улсын их багш Пагва ламын зохиосон "Шэйжа равсал" хэмээх ном Юан улсын дөрвөлжин бичгээр барлагдан хэвлэгдэж байсан ба Төвд, Монголыг судалдаг судлаачдын сонирхон сурдаг ном байсаар байна. Энэ үед Монголчууд Төвд хэлнээс ном орчуулахдаа Уйгаржин бичигт хэрэглэж байсан бурханы шашны нэр томъёог бүхэлд нь хэрэглэсэн. Юан улсын үед бүтээсэн Их цагаан суврага өнөөгийн Бээжин хотод хэвээрээ байна.
XV зууны үеэс Монголын ноёд бурханы шашныг дахин дэлгэрүүлж Түмэдийн Алтан хаан Жанрайсиг бурханы хувилгаан Содномжамц ламыг урин залж Сэнгэ ада Жанрайсиг бурханы үүднээс засал хийлгэж лам шавийн барилдлага тогтоон бурханы шашныг тэтгэн дэлгэрүүлж Алтан хаанаас Содномжамц ламд "Далай лам" хэмээх алдарыг соёрхож үүнээс хойш Хонсим бодисадвагийн хувилгааны төрөл үе бүхнийг Далай лам хэмээн дуудах болсон. Алтан хаан зарлиг гаргаж онгод тахихыг бүр мөсөн хориглож, маань мигзэм унших ёс журмыг гаргаж өгсөн. Бурханы дүйцэн өдрүүдэд мацаг барих, жанрайсиг бурханы тарнийг урин тоолох, мал амьтаны амь таслах тэргүүтнийг тэвчин цээрлэх тэргүүтэн цагаан зүгийн номын ёсыг дэлгэрүүлж байв. Бурхан багшийн зохиол үйлс нь язгуур үндэсний бурхадын дүрээр үзэгдэж амьтаны тусыг бүтээнэ хэмээн айлдсан байдаг. Бурхан бүгдийн энэрэн нигүүлсэхүйн сан болсон Жанрайсиг бурханы авралд багтан орчлонгийн зовлонгоос гэтлэх нь үтэр түргэн хэмээн бурханы шашинт орон бүхний шүтээний эрхэм болсон Хонсимбодисадва Жанрайсиг бурханыг шүтэх шүтлэг, маань тарнийг унших, соёл уламжлал ч монгол оронд дэлгэрэн хөгжсөн юм. Лигдэн хааны бүтээсэн эрхэм нандин шүтээн Монгол хэлээр орчуулуулж хэвлэсэн Ганжуур эрдэнийн судар байсан. Мөн Юань улсын төрийн шүтээн байсан Алтан Махгал, Богд Чингис хааны хасбуу тамгыг эрхэмлэн тахиж байв. Алтан гэгээн хан, Хутагтай сэцэн хун тайж, Автай сайн хан нарын өнлөө бүхий ноёдуудын дэмжлэгээр бурханы шашин ахин дэлгэрсэн түүхтэй.
XVI зууны эхэн үед Ойрдын Зая бандида Намхайжамц, ӨвөрМонголын Нэйж тойн хутагт Авид, Халхад Өндөр гэгээн Занабазар, Зая бандида Лувсанпринлай, Ламын гэгээн Лувсанданзанжанцан, Дарав бандида Содовжамц, Чин сүжигт номун хан Лувсанноровшэйрав зэрэг хутагт хувилгаад төрөн гарч ном сургаал орчуулан зохиол бүтээл бичиж, сүм хийдүүд байгуулж эхэлсэн нь Монголын бурханы шашны сэргэн мандалын эхэн болсон юм. Эрдэнэ зуу, Их хүрээ, Баруун хүрээ, Зүүн хүрээ, Заяын хүрээ, Ламын гэгээний хүрээ, Жалханзын хүрээ зэрэг томоохон хийдүүдтэй болсон байлаа. XVII зууны үед тамга бүхий 13 хутагт хувилгаад, 500 гаруй сүм хийдтэй, ном хэвлэл, судар шасдирын орчуулгын бүтээлүүдтэй, монголын соёл боловсролын гол төвүүд нь сүм хийдүүд болж байв.
XVIII зууны үед Бари лам Дамцагдорж, Эрдэнэ зуугийн ширээт лам Дагвадаржаа, хамба номун хан Агваанхайдүв, цорж Агваанбалдан, цорж Агваантүвдэн, Агваандандар, бэйлийн лам Агваандамба, Бамбар эрдэнийн хувилгааны номч дүрийн гэгээн, оргиочын лам Лувсанбалдан зэрэг дэлхийд данстай эрдэмтэн мэргэдүүд төрөн гарсан нь монголын хүрээ хийдүүдийн боловсролын тогтолцоо өндөр хэмжээнд хүрснийг харуулсан явдал байв. Бурханы шашны Гэлүгвагийн ёсны дээд хуврагууд дотор эдгээр эрдэмтэд өөрсдийн зохиол бүтээлээрээ ихэд алдаршиж байлаа. Энэ үед цам майдар зэрэг шашны зан үйлийн соёлууд дэлгэрэн хөгжиж 230 гаруй хийд цам майдартай байсан.
XIX зууны эхэн үед ард түмнийг харийн дарлалаас салгаж туурга тусгаар улс болохын төлөө шашны зүтгэлтнүүдийн оруулсан хувь нэмэр үлэмж их юм. Богд Жэвзүндамба хутагтын сургааль зарлигийн дагуу хар шар нийтээрээ нэгдэн нягтарч 1911 онд тусгаар улсаа байгуулсан явдал нь нэг шашинтай, олон шашны урсгалгүй, хутагт хувилгаад эрдэмтэн лам нар нь эрдэм төгс байсных бизээ. 1937 оны их хэлмэдүүлтэд 1000 гаруй сүм хийд устан сүйдсэн юм. 1944 оноос Гандантэгчэнлин хийд дахин сэргэн хурал номоо хурж, 1970 онд шашны дээд сургууль байгуулагдаж, 1990 оноос хойш шашин шүтлэгийн эрх чөлөө нээлттэй болж хөдөө орон нутаг, хот суурин газруудад бурханы шашны сүм хийдүүд дахин сэргэж 350 гаруй сүм хийдтэй болсон байна.
/Эх сурвалж МБШТөв Гандантэгчэнлин хийдийн дэргэдэх Эрдэм Соёлын Хүрээлэн/