Будда-Ертөнц компани 2003 оноос эхлэн Монгол улсын аялал жуулчлалын салбарт тусгай сонирхолын аяллын нэгэн төрөл болох шашны мөргөлийн аяллыг эхлэн санаачлаж энэ салбарт Будда тур оператор нэрээр анхдагчын гарааг эхэлсэн юм.
Эдүгээ Бурханы шашны түүх соёлын дурсгалт хилийн чанадад улс орнууд болох БНЭУ, Балбын вант улс дахь бурхан багшийн ариун дагшин адистэт газрууд болох мэндэлсэн Лүмбини, Гэгээрсэн Бодьгаяа, анх сургаалаа айлдсан Сарната, Ражгир, Амаравати, эртний буддын их сургуулийн туурь Наланда, таалал төгссөн Кушинагар, өнөө цагийн Энэтхэг дэхь бурхан шашны томоохон сургалт явагдаж буй их сургуулууд болох Брайвун, Гомон, Гандан, Сэра, Жүдэ, Жүмэ хийдүүд, Дарамсала хот дахь Дээрхийн гэгээнтэн XIV Далай лам Данзанжамцын номын өргөө Намжил дацан, Норвулинга тэргүүтэн адистэд газрууд, БНХАУ дахь Төвдийн Лхасын Потала ордон, Жокан, Сэра, Гандан, Брайвун хийдүүд, Богд Зонхавийн өлгий нутаг Гүмбүм, Манзушир бурханы адистэд Утай шан, ОХУ-ын Буриад дахь Хамбын хүрээнд заларч буй Итгэлт хамба ламын ариун лагшинд бараалхах тэргүүтэн эргэл мөргөлийн газруудад Монголын сүсэгтэн олон, эргэлчин мөргөлчдийг жуулчлах зам мөрийг нээж, эдгээр дагшин газрууд руу аялал зохион байгуулж байна.
Мөн Дээрхийн гэгээнтэн XIV Далай лам Данзанжамцын дэлхийн өнцөг булан бүрт морилон саатаж айлддаг дээдийн номын айлдвар хүртэхээр ази, европ, америк тивийн улс орнууд руу тусгай аялал амжилттай зохион байгуулж байна.
2006 оноос үйл ажиллагаагаа өргөжүүлж Монголын уламжлалт соёл, зан заншлыг олон нийтэд түгээн дэлгэрүүлэх зорилгоор теле & медиа чиглэлээр Будда продакшн үүсгэн байгуулж уран бүтээлээ ТВ9 телевизийн дэлгэцээр болон цахим орчинд FB/Buddha production, Youtube/Buddha production gursed хуудсуудаар дамжуулан үзэгчдэд хүргэж байна.
Манай продакшны үйл ажиллагааны үндсэн чиглэл нь Монголын уламжлалт шашин соёлын тухай, Бурхан багшийн айлдвар сургаалыг тухайн салбарын өнөө цагийн эрдэмтэн мэргэдийн тайлбартайгаар хүргэх, шууд дамжуулах, бурханы шашны эрдэмтэн мэргэдийн тухай тв нэвтрүүлэг, баримтат кино бүтээх, эрдэм шинжилгээний хурал сурвалжлан үзэгчдэд хүргэх, дотоод гадаад дахь Бурханы шашны түүх соёлын дурсгалт газруудын тухай мэдээ мэдээлэл бэлтгэх зэрэг чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна.